Хүний амь нас бол юугаар ч орлуулшгүй зүйл учраас цахилгаан
техникийн аюулгүй байдал нь юу юунаас илүү чухал болно. Жил бүр маш олон тооны
хүмүүс цахилгаанд цохиулж бэртэж гэмтдэг төдийгүй мөн амь насаа алдах нь
цөөнгүй. Галтай утас гэж нэрлэгддэг цахилгааныг дамжуулж буй дамжуулагч утсыг
гараараа барьсан, биеэрээ шүргэсэн, санамсаргүй хүрсэн бүхий л тохиолдлууд нь
амь насанд эрсдэлтэй.
Цахилгаан төхөөрөмжийг буруу ашигласнаас гадна
тусгаарлагч нь хагарсан цуурсан гэмтсэн, дамжуулагч кабелын гадна бүрхүүл гэмтсэн шалбарсан үед цахилгаан төхөөрөмжийн эх бие болон цахилгаан
дамжуулдаг хэсэг дамжуулагчтай утасны ил хэсэг хүрэлцсэнээс цахилгаанждаг. Энэ
үед төхөөрөмж газардуулагдаагүй бол хүрсэн хүн тогонд цохиулах эрсдэлтэй. Хүн
цахилгаан дамжуулагч болон газардуулагдсан аливаа зүйл; газардуулагдсан тоног
төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, усны төмөр хоолой шугам, халаалтын төмөр шугам
хоолой, металл хавтан, газардуулгатай гэрэлтүүлэг, тэр ч бүү хэл газартай шууд
цутгагдсан бетон, газар дээр байгаа ус зэрэгт хүрэхэд тогонд цохиулах
боломжтой.
Тогонд цохиулж хүчтэй цочролд орох үед үүсэх дотуур гэмтэл
нь харагдаж буй гэмтлээсээ илүү ноцтой байдаг. Үүнд дотуур цус алдах, эд
эрхтэн, мэдрэлийн систем, булчинд ноцтой гэмтэл учирч болшгүй.
Хүний биед нөлөөлөх цахилгаан гүйдлийн нөлөө нь гүйдэл,
хүчдэл, давтамж (ингэхэд 50-60Гц давтамжийг хамгийн муу гэдэг нь хүний зүрхний
давтамжтай нэг эрэмбийнх учраас юм) цахилгаан дамжуулагчтай харьцаж буй хэсгийн
эсэргүүцэл (хүний биед үүссэн ил шархтай хэсгээр хүрэхийг онц аюултай гэж
үзнэ), хүний биеийн дотоод эсэргүүцэл, гүйдэл гүйх зам, тогонд цохиулсан
хугацаа, орчны нөхцөл байдал (чийгтэй, бороотой, цастай г.м)/ зэрэг хэлхээний
шинж чанараас хамааран өөр өөр байдаг.
Ерөнхийдөө хүний биеийн дотоод эсэргүүцлийг 800-1000 Ом
хэмээн үздэг ч энэ нь хэдэн зуун Ом-оос хэдэн зуун мянган Ом-ын хооронд өргөн
мужид хэлбэлзэнэ. Жишээ нь хүний биеийн арьс хуурай байх үед эсэргүүцэл нь
100,000 Ом байх бөгөөд энэ үед ахуйн хэрэглээний цахилгааныг дамжуулж буй
дамжуулагч утсанд хүрвэл ойролцоогоор 2,4 мА гүйдэл гүйх тул үүнийг хүн дөнгөж л мэдэрнэ. Харин хүний биеийн арьс чийгтэй бол хүний биеийн эсэргүүцэл 1000 Ом
байх бөгөөд энэ үед дамжуулагч утсанд хүрвэл 240 мА гүйдэл гүйх ба энэ гүйдэл
бол хүний амь насыг хохироож чадах хэмжээний гүйдэл юм.
Ерөнхийдөө 50В-оос бага хүчдэлийг аюул багатай гэж үздэг. Харин
50В-оос дээш бол үхлийн аюултай гэж үзнэ. Иймээс 50В-оос дээш 1000 хүртлэх хувьсах хүчдэл ашигладаг бүх систем газардуулагдсан байх ёстой хэмээн үздэг. 50В-оос бага хүчдэл хэрэглэдэг зарим хэлхээг ч мөн газардуулагдсан
байхыг шаарддаг тохиолдол бий.
Үүнд:
- Хэлхээнд ашиглагдаж буй трансформаторын 1-р ороомог дахь хүчдэл 150В-оос их бол 2-р ороомгийн хэлхээ газардуулагдсан байх шаардлагатай
- Мөн хэлхээнд ашиглагдаж буй трансформаторын 1-р ороомгийн хүчдэл газардуулагдаагүй бол 2-р ороомгийн хэлхээ заавал газардуулагдсан байх шаардлагатай
- Хэлхээ барилгын гадна суурилагдсан бол заавал газардуулагдсан байна.
60 Гц-ын давтамжтай хувьсах гүйдлийн хүний биед нөлөөлөх нөлөөллийг харуулав. Эндээс 100 мА-ийн гүйдэлд хүн 3 секундийн турш цохиулахад хүний зүрхний ажиллагаа доголдож амь нас эрсдэх эрсдэлтэй гэж үздэг. Эсвэл ердөө 0,03 секундийн хугацаанд 1 А гүйдэл цохиулах юм бол хүний зүрхний ажиллагаа доголдож хүний амь нас эрсдэх эрсдэлтэй.
Эрэгтэй хүн
|
Эмэгтэй хүн
|
|
Огт мэдрэхгүй байх
|
0,4
мА
|
0,3
мА
|
Сулхан мэдрэх
|
1,1 мА
|
0,7 мА
|
Дунд зэрэг мэдрэх, өвдөлт байхгүй
|
1,8
мА
|
1,2
мА
|
Хүчтэй мэдрэх, өвдөлтийг мэдрэх, гэхдээ хөдөлж
болно
|
9 мА
|
6 мА
|
Өвдөлт улам хүчтэй болж хөдөлж чадахгүй болох
|
16
мА
|
10,5
мА
|
Өвдөлт цааш ихсэж булчин бүхэлдээ татаж,
амьсгалахад хүнд болж амьсгал тасалдах
|
23 мА
|
15 мА
|
Зүрхний дутагдалд орох /энэ нь ерөнхийдөө үхэлд
хүргэнэ/
|
||
0,03 секундийн хугацаанд
|
1000 мА
|
1000 мА
|
3 секундийн хугацаанд
|
100
мА
|
100
мА
|
Барилга, орон сууцанд амьдардаг ердийн айл өрхийн хэрэглээнд 220 В-ийн 15 А, 20 А, 32 А-ийн хэлхээнүүдийг хэрэглэдэг тул эдгээр нь хүний амь насыг эрсдэлд оруулахад хангалттай боломжтой учраас цахилгаан техникийн аюулгүй ажиллагааны дүрмийг баримтлах нь өөрийн болон гэр бүл, үр хүүхдийнхээ аюулгүй байдалд чухал ач холбогдолтой.
Ийм учраас хүний амь насыг эрсдэлгүй байлгахад хамгийн түрүүнд анхаарах ёстой. Энэ зорилгоор хэрэглэгддэг хамгийн өргөн ашиглагддаг газардуулгын алдаа гарах үед түүнийг мэдэрч хэлхээг тасалдаг хамгаалалтын элементийг ашиглах нь онцгой ач холбогдолтой. Уг элементийг улс болгонд өөр өөрөөр нэрлэх бөгөөд манай улсад дифференциал хэлхээ таслагч гэдэг бол АНУ, Канадад GFCI (Ground Fault Circuit Interrupter) гэж нэрлэдэг бол Их Британид RCD (Residual Current Device) гэх мэтээр нэрлэнэ.
Зурагт эрүүл, насанд хүрсэн хүний биеэр цахилгаан гүйдэл
гүйх үеийн гүйдлийн характеристик дээр ердийн А ангиллын GFCI-ийн тасрах хугацааг
харуулсан байна. Зурагт GFCI-ийн босго утгыг 6 мА, харин тасрах ердийн хугацааг
дунджаар 0,025 сек (хамгаалалтын төхөөрөмжийн тасрах хугацаа 0,1 секундээс бага
байх ёстой) байна. Өөрөөр А ангиллын GFCI нь газардуулгаар алдагдах гүйдлийн хэмжээ 6 мА-аас давангуут 0,025 секундийн дотор хэлхээг тасална. Хэрэв хэлхээ 1 секундэд 60 удаа хэлбэлздэг бол 1 хэлбэлзэл
хийх хугацаа нь 0,0167 секунд байна. Автомашины ослын дэрний ажиллах хугацаа нь
0,05 секунд байдаг.
Барилга байгууламжуудад тогонд цохиулахаас сэргийлэх зорилгоор 1 фазын 15 ба 20А-ийн GFCI хамгаалагчийг ерөнхийдөө тавьж хэрэглэнэ. GFCI хамгаалагчийг цахилгаан самбарт суурилуулж хамгаалахаас гадна разетка, уртасгагч зэрэгт тусгайд нь тавьж хамгаалж болно.
GFCI хамгаалагчийг зайлшгүй ашиглах ёстой газрууд:
- Ариун цэврийн өрөө, ариун цэврийн өрөө гэдэг нь угаагуур, ванн, шүршүүр, суултуур, биде зэрэг сантехникийн хэрэгслүүд угсрагдсан өрөөг ойлгоно.
- Гарааш, гарааш нь хүн амьдрахад тохиромжгүй амбаар, цех, агуулах, түүнтэй ижил төсөөтэй хэрэглээтэй газартай нэг төвшинд, эсвэл газраас доор төвшинд байгаа барилга байгууламжийн хэсгийг ойлгоно.
- Гадна талбай, барилгын гадна талд цас цэвэрлэгч, машин цэнэглэгч, гэрэлтүүлэг гэх мэт цахилгаан хэрэгслийг тэжээлд холбох зориулалттай хэсгийг ойлгоно.
- Зоорь, зооринд газрын төвшнөөс доош байрлах байгууламжийг ойлгоно.
- Подваль, энэ нь 2 янз бий, ашиглагддаг, ашиглагддаггүй
- Гал тогооны өрөө, жич угаагуур, ванн, шүршүүрээс 1,8 м зайд ямар нэгэн разетканы гаргалгаа гаргадаггүй.
- Машин угаах талбай
- Угаалгын өрөө, хувцас угаагч, хатаагч бүхий
- Гал тогооны аяга таваг угаагчийн салбар хэлхээ
- Усан сан, массажны ванн, спа
- Гал тогоо, ванны өрөөний шалны халаагуурын салбар хэлхээ
GFCI хамгаалагчийг суурилуулахдаа аль болох амархан нэвтэрч болох боломжтой газарт суурилуулна. Энэ нь ямар нэгэн бусад хүмүүсээс зөвшөөрөл авахгүйгээр шууд маш амархан хүрэх боломжтой, шинээр солих, ажиллагааг шалгах боломжтой байна гэсэн утгатай бөгөөд замд нь ямар нэгэн саад бэрхшээл байхгүй, шат болон өөр туслах зүйл ашиглаж хүрэхгүй шууд харьцах боломжтойгоор байрлуулсан байхыг хэлнэ.
Мөн GFCI хамгаалах төхөөрөмжийн ажиллагааг сард нэг удаа заавал шалгаж байх хэрэгтэй бөгөөд үүний тулд түүний нүүрэнд байрлах тест товчлуурыг дарж ажиллагаа хэвийн байгаа эсэхийг шалгана.
GFCI нь газардуулгын гүйдэл 4-6 мА-аас илүү гарангуут ойролцоогоор 25 миллсекундийн дотор хэлхээг бүхэлд нь тасална. Тийм учраас GFCI-тай разеткыг ашиглах нь илүү тохиромжтой байдаг.
Хамгийн өргөн хэрэглэгддэг нь А ангиллын GFCI юм. А ангиллын GFCI нь газардуулгаар 6 мА-аас их гүйдэл гүйж мэдэгдвэл хэлхээг тасална. Газардуулгаар 4 мА гүйдэл гүйвэл хэлхээг таслахгүй. Газардуулгаар 4-6 мА гүйдэл гүйвэл хэлхээг тасалж ч магадгүй, таслахгүй байж ч магадгүй. Хэлхээг таслах хугацаа нь маш хурдан буюу ойролцоогоор 25 миллсекунд.
В ангиллын GFCI нь газардуулгаар 20 мА гүйдэл гүйвэл хэлхээг тасалдаг бөгөөд үүнийг усан санд хийдэг гэрэлтүүлэгт ашигладаг.
GFCI-гийн хамгаалдаггүй тохиолдлууд:
- Хэрэв хүн галтай болон нейтрал утаснаас зэрэг барьчихвал хамгаалахгүй. Яагаад гэвэл энэ үед гүйдэл хүний биеэр гүйх боловч газардуулгаар дамжихгүй. Тиймээс энэ тохиолдолд хамгаалахгүй.
- Энэ нь гүйдлийн хэмжээнээс хамаарч тасардаггүй. Өөрөөр хэлбэл тасрах хугацаа нь гүйдлийн хэмжээнээс хамаарахгүй 25 миллсекунд тогтмол байна. Энэ хугацаанд та хангалттай их хэмжээний гүйдэлд цохиулах боломжтой.
- GFCI нь богино холболтыг мэдрэхгүй. Богино холболтоос гал хамгаалагч, хэлхээ таслагч л хамгаална.